ХАБЭА-ын сургагч багш, Монгол Улсын Зөвлөх инженер Ч.Чинзоригтой ярилцлаа.
-Сайн байна уу, манай сэтгүүлийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. Бидний ярилцах сэдэв барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай. Багш хүний хувьд ХАБЭА соёлыг бий болгоход юу чухал вэ?
-Сайн жолооч гэж ямар хүнийг хэлдэг вэ, дүрмээрээ явдаг жолоочийг хэлнэ. Тэгвэл ажил хийж сурсан хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж асуувал мэдээж аюулгүй ажиллаж сурсан хүнийг хэлнэ. ХАБЭА-ын сургалтаар юу сурах вэ гэхээр, аюулыг олж харах чадвар л эзэмших гээд байгаа юм. Аюулаа олж харж таньсан хүн өөрийгөө болон бусдыг осол гэмтэл, эрсдэлээс хамгаалж чадна. Талбайн зохион байгуулалтын зургаас ХАБЭА-н зохион байгуулалт ил тод харагдаж байх ёстой. Барилгын талбай тусгаарлах хашаатай, оффисын барилгууд тусдаа, бэлдцийн талбай, бараа материал хураах талбай, агуулахууд нь тодорхой, хүн, машин техникийн зорчих хэсгийн зам ойлгомжтой байх гэх мэтээр бүх зүйлээ ялгаж байгаа нь дандаа ХАБЭА-н эрсдэлүүдээ урьдчилан харж, тооцож зохион байгуулж байна гэсэн үг.
ХАБЭА ажилтан аюулыг хаанаас олж харах вэ гэхээр нэг номерт хүмүүсээс олж харах ёстой. Ямар чадамжтай хүмүүс манай барилгын талбайд ирж ажилллах гэж байгааг тандан мэдэх зорилгоор ХАБЭА-н судалгаа сорилын шалгалт авч, тэдгээр ажилтнуудад талбайн дотоод журмыг танилцуулах, аюул эрсдэлүүд хаана байгаа талаар мэдээлэл өгөх, хууль, эрх зүйн шаардлагуудыг таниулан хэлж өгөх зорилгоор анхан шатны сургалтанд хамруулдаг. ХАБЭА-н сургалтанд хамрагдаагүй хүн осолд өртөх магадлал өндөр байдаг. ХАБЭА-н соёл гэдэг нь нэг талаараа барилга угсралтын төслийн талбайд осол аюулгүй ажиллах хөдөлмөр зохион байгуулалтыг зөв төлөвлөх, хөдөлмөрийн харилцааны хэм хэмжээг оновчтой тогтоохыг хэлээд байгаа юм. Жишээлбэл: МУ-ын ЗГ-аас “Гэр хорооллыг дахин төлөвлөх” бодлогын үйл ажиллагааг дэмжин БНХАУ-ын ЗГ-аас буцалтгүй тусламж болгон 100 хувийн санхүүжилтээр босгох “Ногоон нуур 1008 айл”-ын барилга угсралтын төслийг эхлүүлсэн юм. Энэхүү төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хоёр дахь металлургийн групп” ХК ажиллаж байгаа бөгөөд манай “Сейфти Грийн Зон” ХХК тус компанитай хамтран ажиллах, аутсорсинг үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд тус төслийн талбайд өнгөрсөн намар зохион байгуулсан хоёр яамны сайдын тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н 3 сарын аяны хүрээнд үзүүлэх сургалтыг зохион байгуулан явууллаа. Цаашлаад тус төслийн талбайг барилгын ХАБЭА-н жишиг болгохоор хичээн ажиллаж байна.
-Аутсорсинг гэдгийг тодруулж өгөөч?
-ХАБЭА-н чиглэлээр Зөвлөх үйлчилгээ эрхлэн явуулдаг олон байгууллагууд байдаг. Тэд ихэвчлэн сургалт өгөх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. ХАБЭА-н тухай хууль бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоод гэлтгүй бүх ААНБ, иргэнд үйлчилдэг. Гэтэл салбар салбарын онцлог гэж байна. Тэгвэл манай барилгын салбарын онцлог гэвэл барилгын төслийн талбайн аюул нь ажлын технологиосоо хамааран үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ ажлын технологийг мэдэхгүй хүн эрсдэлийн үнэлгээг тооцон аюул эрсдэлийг бууруулах ХАБЭА-н зардал мөнгийг төлөвлөж, аюулгүй байдлын зааварчилгааг бичиж чадахгүй. Мөн бид хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах ёстой. Иймд БНХАУ-ын ХАБЭА-н хууль эрх зүйн шаардлага нь манайхаас өөр байдаг тул бидэнтэй хамтран ажиллах хүсэлт тавьсан юм.
Аутсорсинг (outsourcing) гэдгийг заримдаа гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж болно. Учир нь захиалагчийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч дараах шалтгаануудын улмаар гуравдагч этгээдэд уг ажлын тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэж болдог. Тухайлбал, эрсдэлээ бууруулах, чанарыг сайжруулах, зардлаа бууруулах, татвар, хүний нөөц, өөрчлөлт нэвтрүүлэхийн тулд аутсорсинг үйлчилгээ авдаг.
-ХАБЭА ажилтан ямар үүрэгтэй вэ?
-Ажлын талбай дээр 2 төрлийн хүн бий. Нэг нь ажил олгогч, нөгөөх нь ажилтан хоёр. Энэ хоёр хүн хөдөлмөрийн харилцаа үүссэн байна уу, үгүй юү гэдгийг Хөдөлмөрийн гэрээгээр гэрчилдэг. Гэрээнд туссан үүргээ талууд хэрхэн биелүүлж байгаа вэ гэдгийг ХАБЭА -н асуудал хариуцсан ажилтан хянах үүрэгтэй. Бид амаараа ярьдаггүй, хуулийн өмнө нотолгоо гаргаж өгөх үүрэгтэй. Нотолж чадахгүй бол шат шатандаа буруутдаг учраас өндөр хариуцлагатай ажил юм. Сайн удирдлагын тогтолцоотой газар нь энэ бүх шаардлагыг хангачихсан байдаг. Хуулиндаа ч тодорхой заасан байдаг. Тухайлбал, ХАБЭА-н тухай 3-р бүлгийн 18-р зүйл заалтад ажилчин хүний 5 эрх, 8 үүргийг заасан байдаг бол 5-р бүлгийн 28 дугаар зүйл заалтад ажил олгогчийн эрх, үүргийг бүгдийг нь заасан байгаа. Мөн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор саяхан шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулиа батлан мөрдөж байгаа. Энэ хуулийн бодлого, үндсэн зарчим нь ажлын байран дээр гарч болох аливаа хүчилхийллийг бүх талаар хааж, хориглосонд байгаа юм. Тэгэхээр одоо хүн удирдана, хүнээр ажил хийлгэнэ гэдэг нь ухаан, ур чадварын асуудал болж байгаа юм. Иймд ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан гэдэг бол үйлдвэрлэлийн менежерийн статустай ажил мэргэжил болж байгаа юм. Энэ хүнээс олон мэдлэг, ур чадвар шаардана.
-Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал нь бусад салбарын ХАБЭА-гаас юугаараа ялгаатай вэ?
-Ер нь ХАБ-ын ажилтан гэхээр бүх салбарын аюулгүй ажиллагааг мэддэг гэж ойлгож болохгүй. ХАБ-ын сургалтуудыг харахад бүгд хууль, эрх зүй, менежментийн талаар нэг загвараар явуулдаг. Барилга, уул уурхай, зам тээвэр гээд салбар салбаруудын онцлогт тохируулсан ХАБАЭ-ын сургалт явуулдаг байх нь чухал. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас зохион байгуулж байгаа сургалт нь барилгын салбарынхаа ажлын онцлог, эрсдэлийн үнэлгээ, техник технологи, аюулгүй байдал нь ямар хууль, эрхзүйд нийцүүлсэн байх ёстой юм, салбарын онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтаа явуулдаг. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдөж ажиллах вэ, ямар аюул эрсдэл учрах вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ямар хууль эрхзүйг баримтлан ажиллах вэ гэдгийг нарийвчилсан хөтөлбөрийн хүрээнд сургалтаа явуулдаг онцлогтой. Ер нь барилга байгууламжгүй салбар гэж бараг байдаггүй. Бүх салбарт барилга байшин объект байдаг шүү дээ. Барилгыг ХАБЭА-н заавраар биш, инженерийн заавраар барьдаг. Тэгэхээр ХАБ-ын соёл, стандартыг бий болгох, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох энэ ажлыг хэн хийдэг вэ гэхээр инженер, техникийн ажилтнууд буюу ажил олгогчийн төлөөлөгч хийдэг. ХАБЭА-н тухай хуулийн 5 дугаар бүлгийн 27.1 заалтанд байгууллагын аюулгүй байдлын хуулийн хэрэгжилт ханган ажиллуулах энэ хариуцлагыг ААНБ-ын захирал, ажил олгогч шууд хариуцна гэсэн заалт бий. Японд ХАБ-ын ажилтан гэж байхгүй. Харин манайд заавал ХАБ-ын ажилтантай байхыг хуульчилж өгсөн. Ийм ч учраас 27.2, 27.3-р заалтад байгууллага нь заавал ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байх, ХАБ-ын зөвлөлтэй байхыг хуулиндаа заагаад өгчихсөн.
-Барилгын талбайд ажиллах нь өөрөө эрсдэл ихтэй байдаг. Өндөр дээр ажилладаг, барилгын материалын хортой нөхцөлд ажиллах гэх мэтээр олон эсрдэл байдаг учраас ХАБЭА ажилтанг сургахдаа төрөлжүүлэх нь зөв гэж та хэлэх гээд байна уу?
-Барилгын салбарын онцлог нь химийн болоод физикийн олон хүчин зүйлээс хамаарах ийм материалуудтай харьцаж байдаг учраас мэргэжлээс шалтгаалах өвчин тусах эрсдэлийн түвшин өндөртэйд тооцогддог. 2015 оны Барилгын тухай хуульд нэмэлтээр орж ирсэн нэр томьёо бол эрсдэлийн түвшин их ажлын байр гэдэг заалт орж ирсэн. Ийм ажлын байранд юу ордог гэхээр, өндрийн ажил, цахилгаан, сантехникийн ажлууд, хязгаарлагдмал орчинд ажиллах хүчин зүйлүүд, өргөх механизмууд энэ бүгдээрээ эрсдэлтэй ажлын байранд орно. Ийм нөхцөлтэй ажлууд заавал ажил хийх зөвшөөрлөө авч байж ажлаа эхлэх ёстой. Гэх мэтчилэн салбарын технологитой холбоотойгоор онцлогууд манай барилгын салбарт бий. Салбарын онцлогийг тусгасан мэргэжилтэй боловсон хүчин, ХАБ-ын сургагч багш нарыг бид бэлтгэхгүй бол хэн дуртай нь салбарын ХАБЭА асуудлыг заагаад байж болохгүй. Уул уурхай салбарын ХАБЭА-н ажилтнууд уурхайн чиглэлээр, эрчим хүчнийхэн эрчим хүчний чиглэлээр, замынх нь замын чиглэлээр ХАБЭА-ууд төрөлжих ёстой. Ингэж төрөлжиж, мэргэшихгүй бол манайд сургалтын байгууллагууд нэг л ижил, хууль ярьсан шаардлага хангахгүй сургалт өгдөг болоод байна. Үүнийг өөрчилмөөр байна. Иймд барилгын салбарын ХАБЭА-н ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх асуудлыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ голлон зохион байгуулж байгааг би зөв гэж үзэж байгаа.