“Ногоон барилгын аудиторын сургалт”-ад хамрагдаж 2 шатны шалгалтаа амжилттай өгсөн “Ногоон барилгын хялбаршуулсан төрлийн аудиторууд” 2025 оны 06 сарын 27-ны өдөр гэрчилгээгээ гардан авлаа. Гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, ШУТИС, GMIT, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын ногоон барилгын хүрээлэн болон гишүүн байгууллагын төлөөлөл оролцож Аудиторуудад баяр хүргэлээ.
Монгол улсад анхны Ногоон барилгын аудиторууд бэлтгэгдэж байгаа онцлогтой бөгөөд тухайн мэргэжилтнүүд нь зураг төсөлд үнэлгээ хийх, амины орон сууцанд ашиглалтын үеийн үнэлгээ хийх эрхтэй болж байна. Ногоон барилгын үнэлгээний аргыг хэрэгжүүлж эхэлснээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, барилга байгууламжийн ашиглалтын зардлыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг боломжууд бий болно.