“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, байгууламжийг ашиглалтад орууллаа.
Тус төсөл нь Монгол Улсад хэрэгжсэн хамгийн урт, 12.6 км үргэлжилсэн нүүрс тээврийн конвейерийн систем бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Герман улсын DIN стандартыг нутагшуулсан уг систем нь авто тээврээс үүдэлтэй тоосжилтыг 80 хүртэл хувиар бууруулах, тээврийн зардал болон бүтээгдэхүүний өртгийг бууруулах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлүүдийг агуулж байна.
Төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээний хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-өөс олон улсын төслийн удирдлагын PMBOK аргачлалын дагуу зохион байгуулж, захиалагчийн техникийн хяналтыг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж хүлээлгэн өгөөд байна.