“Барилга, байгууламжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх”/БНбД 35-01-22/ барилгын норм дүрэм батлагдлаа. Та энэ норм ба дүрмийг боловсруулсан хүмүүсийн нэг. Тиймээс тус норм, дүрмийн тухай ерөнхий мэдээллийг манай уншигчдад танилцуулахгүй юу?
-“Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх“ /БНбД35-01-22/ норм энэ онд батлагдан гарч байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны аравдугаар сард баталсан 40/2018 тоотой Ажлын техникийн даалгаврыг үндэслэж тус БНбД-г зөвлөх, мэргэшсэн архитектор, орчуулагч дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг боловсрууллаа. БНбД нь хэрэглэх хүрээ, нормативт эшлэл, нэр томьёоны тодорхойлолт ерөнхий зүйл бүхий 8 бүлэг 17 дэд бүлэг, хавсралт зураглал, хяналтын асуумж бүхий 85 хуудас материал болсон.
Энэ норм дүрмийг шинээр батлах шалтгаан, шаардлага нь юу байв?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц /2009 он/ Монгол Улсын барилгын тухай хуулийн 11.1.6+15.1, 33.1.2-р заалт Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8-р зүйлийн үзэл санаатай нийцүүлж, ажлын техникийн даалгаврын дагуу урьд нь боловсруулсан нормаль, гарын авлага, барилгын дүрэм, стандартыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Түүнчлэн олон улсад хүн амьдрах саадгүй орчин, орон зайг бүрдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ ойлголт ухагдахуун гарч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс энэ асуудлаар санал бодлоо илэрхийлэх болсон зэрэг нь энэхүү норм дүрмийг боловсруулах үндэслэл болсон.
Тус норм батлагдсанаар ямар давуу талууд бий болж байгаа бол. Ер нь барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх нь өөрөө ямар ач холбогдолтой вэ?
-Энэ норм дүрмийн онцлог гэвэл бүлэг, дэд бүлэг бүрийн зүйл заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж шинэ нэр томьёо болон хүртээмжийг төлөвлөх олон нийтийн барилгын нэр төрлийг нэмж төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах хуудасны асуумжийг хавсралтаар оруулсан явдал юм. Ингэснээр норм дүрмийн шаардлагуудыг эксперт, мэргэжлийн хяналт, барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах комисс гэсэн гурван тал нэг цонхоор хянаж, дүгнэлт гаргах боломжтой болж байгаа нь давуу тал болно. Ер нь барилга байгууламж, хүний амьдрах орчин орон зайд хүртээмжийг төлөвлөх нь хүн бүрд тэгш боломж олгож буй хэрэг. Энэ нь хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүмүүнлэг, тогтвортой хөгжлийг хангах чухал үндэс бөгөөд барилга, хот байгуулалтын зураг төсөлд хүртээмжийг зайлшгүй төлөвлөж хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөө зорилтыг хангах боломжийг нээж байгаагаар ач холбогдолтой норм болсон.
Өмнө нь мөрдөгдөж байсан “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага” БД 31-101-04, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох” БД 31-113-11 эдгээр баримт бичгүүд нь зөвлөмжийн шинж чанартай тул зураг төсөл зохиогчид тэр болгон мөрдлөг болгодоггүй байсан гэж үздэг. Тэгвэл одоо энэхүү норм ба дүрмийг заавал мөрдөх шинж чанартай болсноороо ач холбогдолтой гэж харж байгаа юу?
-Өмнө нь мөрдөж байсан нормаль дүрэм стандартууд нь зөвлөмжийн чанартай батлагдсан учраас зураг төсөлд хүртээмжийг тусгах байдал, хяналт, гүйцэтгэлийн ажилд дутуу дулимаг, буруу зөрүү хийгдэж ирсэн дутагдалтай тал бий. Иймд салбарын яамны зүгээс энэ нормыг БНбД болгож баталсан БНбД нь заавал мөрдөх техникийн баримт бичигт багтдаг. Энэ нь амьдралд хэрэгжүүлэхийн тулд хийж байгаа хэрэг. Зураг төсөлд зохиогчид энэ нормыг төлөвлөлтөд заавал мөрдөх болж байгаа давуу талтай.
Жишээ болгож та томоохон өөрчлөлт, зүйл заалтуудаас онцолж хэлбэл?
-Энэ норм дүрэмд өмнө мөрдөж байсан нормаль, барилгын дүрэм стандартуудын зүйл заалтаас агуулга, тоон утгын талаар өөрчлөгдсөн дараах зүйл заалт бий. Үүнд: Зураг төсөл боловсруулах явцад мөрдөх Олон улсын түгээмэл загварын зарчим, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчны чанарыг хангах төлөвлөлтийн тухайлсан шаардлагуудыг ерөнхий зүйлд оруулж өгсөн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчин, орон байрны төлөвлөлтөд тавигдах тусгай шаардлагууд, орон сууц, олон нийтийн барилга түүний дотор сургууль, эмнэлэг, олон зориулалттай ОНБ, биеийн тамир спорт, соёл гэгээрэл, шашин, төр олон нийт, үйлчилгээний барилгууд, хөдөлмөрийн ажлын байрны төлөвлөлтөд тавигдах шаардлагуудыг бүлэг болгон зааж дэлгэрэнгүй тайлбарласан. Нормын хавсралт зургуудын тоон хэмжээ, масштаб, тайлбарын утга агуулгыг оновчтой болгож, цахилгаан шатны хүртээмжийг тооцох аргыг нэмж оруулсан. Өмнөх дүрэм стандартад пандусын уртыг 1:10, 1:12 утгаар харьцуулан төлөвлөлдөг байсныг энэ шинэ нормд 1:15 болгож өөрчилсөн, түүнчлэн нормын хавсралтад хяналтын хуудасны асуумжийг оруулж төлөвлөлт гүйцэтгэлийг иж бүрэн хянах боломж бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.
Ярилцсанд баярлалаа