“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн менежер Б.Ганболдтой ярилцлаа.
-Сайн байна уу, Бидний ярилцах сэдэв барилгын салбарын цахим шилжилт, цаашлаад BIM-ийн тухай юм. Энэ чиглэлэээр Барилгын хөгжлийн төв ямар ажлыг төлөвлөж хийж байгаа бол гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Барилгын хөгжлийн төв нь Засгийн газар болон Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамны чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Манай төвийн эрхэм зорилго бол “Барилгын салбарын хөгжлийг түргэтгэгч, түншлэгч байгууллага байна” гэж тодорхойлсон байдаг. Бид энэхүү зорилгын хүрээнд хот байгуулалт, барилгын салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд 2024-2028 онд салбарын цахим шилжилт, инноваци нэвтрүүлэх, салбарын бүтээмж чанарын тогтолцоог нэмэгдүүлэх, салбарын цахим дэд бүтэцийн орчинг бий болгох зорилготой ажиллаж байна.
-Цахим шилжилтийн тухай тодруулбал?
-Хот байгуулалт, барилгын салбарын хувьд цахим бүртгэл мэдээллийн үйлчилгээг нэгдсэн портал вэб хуудсаар дамжуулан иргэд болон аж ахуй нэгжүүдэд хүргэх цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэхдээ салбарын цөм болсон бүтээн байгуулалтын ажил, зураг төсөл боловсруулах, хянан магадлах, техникийн хяналт хийх зэрэг ажлууд цахим шилжилт хийгээгүй байна. Хот байгуулалт, барилгын салбар цахим шилжилт хийснээр олон асуудлыг зэрэг шийдэж төрийн хяналтыг цомхон ил тод чанартай, хувийн хэвшлийн үр ашгийг нэмэгдүүлэх, илүү богино хугацаанд бүтээмж өндөртэй бүтээн байгуулалтуудыг хийх тогтолцоо бүрдэх юм. Монгол Улсын Их хурлаас 2016 онд баталсан “Алсын Хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд барилгын салбар дахь дижитал шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж байгаа бөгөөд BIM нь энэ зорилгыг хэрэгжүүлэх чухал түлхүүр юм. Одоогоор дээрх шилжилт нь хувийн хэвшлийн түүчээлэгчдээс эхлэлтэйгээр эхлэлийн шатанд явж байгаа ч төрийн зүгээс BIM-ийг үе шаттайгаар нэвтрүүлэх стратегийг боловсруулж, бодлогын баримт бичгүүдэд тусгалыг нь шингээхээр ажиллаж байна. Уг стратеги тогтвортой хэрэгжиж чадвал Монгол Улс дотоодын барилгын салбарын олон олон сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх төдийгүй бүс нутагтаа BIM-ийн манлайлагч болох боломжтой.
-BIM гэж юу вэ. Олон улсад барилгын салбарт амжилттай хэрэгжиж байгаа мэдээллүүд хөвөрч байна?
-Дэлхийн дахины Архитектур, Инженерчлэл, Барилгын (AEC) салбар өдрөөс өдөрт хурдацтайгаар дижитал шилжилтийг хийж байгаа ба үүний гол цөм нь Барилгын Мэдээллийн Загварчлал (BIM) технологи юм. Өнгөцхөн харахад BIM нь ердийн 3D загвар мэт боловч мөн чанартаа барилга, дэд бүтцийн физик болон функциональ шинж чанаруудыг бүх амьдралын мөчлөгийн туршид нь дижитал хэлбэрээр нэгтгэн тусгасан дэлгэрэнгүй үйл явцыг хэлэх бөгөөд төлөвлөлтөөс эхлэн зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, нураалт хүртэлх бүхий л шатанд хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, бүтээмжийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн барилгын салбар шинэ шатанд гишгэж эхэлснийг бид өгүүлж байна. Дэлхий дахинд BIM-ийн хэрэглээ сүүлийн хорь гаран жилд эрчимтэй нэмэгдэж Их Британи, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улс орнууд BIM-ийг төрөөс санхүүжүүлж буй төслүүдэд заавал хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, түүний үр дүн дэх бодит үр шимийг хүртсээр байна. Тухайлбал, Их Британи улсын барилга барих бодит өртөг 15–20%-иар буурсан бол Сингапурт 2015 оноос томоохон барилгын төслүүдэд заавал BIM ашигладаг болгосон.
-Монгол Улсад BIM нэвтрүүлэх тухай сүүлийн хэдэн жил яригдаж байна. Одоогоор ямар шатанд байна вэ, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Монгол Улсад барилгын салбар дахь бүтээмж дэлхийн дунджаас 64%-иар бага байна гэсэн олон улсын McKinsey Global Institute байгууллагаас хийсэн судалгааны дүн үзүүлж байна. Ихэнх төсөл 2D зургаар гүйцэтгэгдэж, мэдээлэл солилцоо, автоматжуулалт муу, олон шат дамжлагатай зэрэг нь барилгын салбарын оролцогч талуудын үр ашиггүй байдал, цаг хугацааны хоцрогдол, зардлын алдагдал, харилцаа холбооны тасалдал зэрэг сөрөг нөлөөллийн шалтгаан болж байна. BIM нь эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой технологи юм.BIM нь Монгол орны уур амьсгал, тээвэр логистикийн хүндрэлтэй байдал, богино барилгын улирал зэрэг нөхцөлд маш их ач холбогдолтой. Барилгын салбар дахь зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хугацааг хэмнэх, дахин ажлын тоог багасгах, чанарыг сайжруулах боломжийг нээнэ. Мөн BIM-ийн алдаа шалгах функц, дижитал загварчлалын тусламжтайгаар барилгын өмнөх шатанд зөрчлийг илрүүлж, чанарын баталгааг сайжруулдаг ба дахин боловсруулалтыг бууруулж, аюулгүй байдлыг дээшлүүлж, өндөр чанарын бүтээмжийг баталгаажуулж байгаа нь Монгол улсын хурдацтай хөгжиж буй хотууд болон гэр хорооллыг дахин төлөвлөх шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. BIM-ийн эрчим хүчний загварчлалыг ашиглан Монгол орны хүйтэн уур амьсгалд чухал ач холбогдолтой дулаан алдагдал багатай “ногоон” барилгын төлөвлөлтийг оновчтой болгож эрчим хүчний хэрэглээ болон байгаль орчны нөлөөлөл тулгамдаж байгаа энэ үед тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Улмаар Монгол улсын BIM алсын хараа нь дижитал ихэр, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд тулгуурласан дизайн, төлөвлөлтийн шийдэл, нэмэгдүүлсэн болон виртуал орчин (AR/VR) зэрэг өндөр технологитой нэгтгэх, нийтийн хөрөнгө оруулалтын амьдралын мөчлөгийн дагуух хяналтыг хийх, урьдчилан таамагласан засвар үйлчилгээг дэмжиж, хотын удирдлагын илүү ухаалаг системийг бий болгож ашиглах боломжийг бүрдүүлэх юм.
-Барилгын хөгжлийн төвөөс энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулбал?
-Барилгын хөгжлийн төвийн захирлын А/07 дугаар тушаалаар BIM ажлын хэсгийг байгуулсан бөгөөд барилгын салбарт болон төвийн үйл ажиллагаанд BIM-ийг нэвтрүүлэх, туршилтын төсөл хэрэгжүүлэх, бодлогын орчинд суулгах зэрэг тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч BIM нэвтрүүлэхэд соёлын хэвшмэл байдлаас үүдэлтэй эсэргүүцэл, эхлэлийн зардал өндөр, стандарт орчны зохицуулалт сул, кибер аюулгүй байдлын зэрэг олон асуудлууд тулгарч байна. Эдгээрийг шийдэхэд төрийн манлайлал, олон нийтийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эрт нэвтрүүлэгчдэд зориулсан дэмжлэг, хөшүүрэг, олон улсын түншлэл зайлшгүй шаардлагатай. BIM-ийг нэвтрүүлэхэд ISO19650 бүлэг 1-5, ISO16739 гэсэн шаардлагатай норм стандартуудыг боловсруулж 2025 онд батлуулахаар ажиллаж байна. Үүний дээр BIM нэвтрүүлэхэд тулгарч буй томоохон сорилтын нэг нь энэ чиглэлийн хүний нөөцийн хомсдолтой байдал бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран 2026 оноос тус чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шаталсан гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог нэвтрүүлэх, салбарын инженер, техникийн ажилчдын давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоонд нэгтгэхээр төлөвлөсөн. Мөн их, дээд сургуулиудад BIM сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх талаар судалж байна. Барилгын мэдээллийн загварчлалыг Монгол Улсад нэвтрүүлэх нь зүгээр нэг техник шинэчлэл биш, харин бүтээмж өндөртэй, тогтвортой, дэлхийтэй хөл нийлүүлсэн салбарыг бий болгох стратегийн чухал алхам юм. Зөв бодлого, хөрөнгө оруулалт, сургалтын тусламжтайгаар BIM нь Монголын бүтээн байгуулалтын чанар, үр ашигт бодит хувь нэмэр оруулах юм.
Ярилцсанд баярлалаа.