
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, дэд сайд С.Энхболд, сайдын Зөвлөх И.Баттөгс, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 2026.01.27-ны өдөр ажиллалаа.
Уулзалтын эхэнд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Д.Мөнхбаатар үндсэн чиглэл, бүтэц, хийж хэрэгжүүлсэн томоохон төслийн талаар танилцуулав.
Тухайлбал, 2025 онд улсын хэмжээнд 484 төсөл, арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж, улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгө оруулалтын сахилга бат, чанар, аюулгүй байдлыг ханган ажилласны үр дүнд нийт 193 барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Мөн өнгөрсөн онд Монгол Улсын хөгжлийн стратегийн ач холбогдол бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийн ус хангамжийн Загийн усны хоолойн төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үндсэн төслийг тус тус амжилттай ашиглалтад оруулсан байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан энэ үеэр магадлал хийх эрх авсан экспертүүдийг чадавхжуулах ажлыг эрчимжүүлэх, захиалагчийн хяналтын нэгдсэн стандарт аргачлалыг боловсруулж ажиллах талаар тодорхой үүрэг даалгавар өгөв. Мөн иргэд, аж ахуй нэгжид хүндрэл учруулахгүй, хууль эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах хэрэгтэй гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
